Ах юу хийнэ дүү хуулбарлана
Бүтцийн хуулбарлалт
Угтаа нам бол үзэл баримтлалаа тулгуурлан бүтцээ сонгодог юм. Гэтэл Ардчилсан нам ардчилсан социалист үзэлтэй ах намын бүтцийг даган хуулбарлах болж. МАХН шинэчлэл хийлээ хэмээн хэвлэл, мэдээллийн популистуудаараа сүржин шуугиулах нь тэр. Засаг захиргааны нэгж бүрт намын үүр гээчид намын бүлэг гээчийг бий болгосон нь социалист нам төвтэй төрийн хэлбэрт шилжив. Баг, Хорооны засаг дарга нь намын үүрийн даргын албыг хамт хашин төр, шашин хослоно гэдэг шиг л төр, нам хоёрыг хослуулан жолоодон аливаа шийдвэрийг намын байр суурьнаас хандах болов. Мөн намын дэргэд хуучин нийгмийн ангич давхрагыг бий болгох МАСОХ, МАСЗХ, эмэгтэйчүүдийн, ахмадын гэх мэтчилэн бүтцээ хэвээр үлдээлээ. Үүнийг нь дагасан Ардчилсан нам намын үүрээ байнгын ажиллагаатай болгож, орон нутгийн сонгуульд ялсан засаг дарга нар нь ах нам шиг давхар намын ажил эрхлэх болов. Би МАХН-ыг ойлгоно. Энэ нам 70 жил ноёлож ирсэн ноёрхогч намын хувьд шинэчлэл нэртэй хуучин үзэл сурталдаа эргээд орж буйг ойлгоно. Харин Ардчилсан намыг ойлгохгүй юм. Ардчилал нэртэй Социалист бүтэц, социалист бодлоготой, социалист үйл ажиллагаатай гээд л. МАХН-тай адил чөлөөт оюутны холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо гэх мэтээр хуулбарлана. Баг, хороо болгоны дэргэд ардчилсан намын бүлэг гээчийг байгуулна. Ардчилсан хувьсгалын гавъяатангууд маань үйл хэргээсээ ухрах болоо юу даа гэмээр.
Үйл ажиллагааны хуулбарлалт
МАХН саяхан ард түмнээ сонсох аян гээчийг зарлаад нийгмийн ардчилал аяны хүрээнд хэд хэдэн аймгуудын намын анхан шатны байгууллагуудтайгаа удирдлагууд уулзах аяныг зохиолоо. Одоо ч өнөөх нь үргэлжилж байгаа. Гэтэл Ардчилсан нам мөн л түүнийг нь дагаад анхан шатаа сонсох аян гээчийг зарлав. МАХН саяхан малчдад туслах аяныг өрнүүлэв. Дүү нь мөн адил үлгэрлэв. МАХН байраа шинэчлэн 12 давхар болгов. Дүү нь дурайж байраа шинэчлэн давхрыг нь нэмэв. МАХН зүүний хүчний холбоо гээчийг байгуулан төрийн алба хашиж буй намаасаа түдгэлзсэн гишүүдийнхээ эрхийг хамгаална гэж төрийн албаны шинэчлэлийг хөсөр хаяв. Дүү нь мөн л Ардчилсан хүчний холбоо байгуулан төрийн алба хашиж явсан гишүүдийнхээ эрхийг хамгаалах болов. Энэ мэт ах намын үйлдэл бүрийг дуурайх нь ардчилсан намд тохирохгүй л юмсан. Ардчилсан нам Ардчилсан социалист үзэл баримтлалтай намын үйл ажиллагааг дагавал тэр нь ардчилалтай байж чадах болов уу. Мэдэхгүй юм. Дээрх бүгдээс харахад чадахгүй л болов уу.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих