Архив : 2008 - 12

Бичлэгийн тоо : 4 | Дэлгэцэнд : 1-4

Буянлаг патерналист Монгол төр

2008-12-24 05:26
Буянлаг патерналист Монгол төр
Иргэд нийгмийнхээ сайн сайхны төлөө шударга санаачлага гаргаж байхад олигархиуд түүнийг нь аваад ашиг сонирхол болгон хувиргадаг.
Ц.Мөнхбат
    Татвар, албадлага хоёр хослон тогтнох орчлонд тааваараа амьдрах шиг хэцүү зүйл алга, Төр, олигархи хоёр зэрэгцэн буй ертөнцөд төвшин, амгалан амьдрал шиг мөрөөдөх зүйл алга хэмээн үзэл бодлоо өврийн дэвтэртэй бачимдан бичнэ.
    Татвар бол иргэдийн төрдөө өгч буй зээл юм. Төр иргэдээс татвар хэлбэрээр зээл авч оронд нь тохилог үйлчилгээ, бизнессийн боломж, ажлын байр зэргийг бий болгох нь төрийн татвар хурааж буй гол зорилго байдаг.
Татвар нь засгийн газрын зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл төдийгүй ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг дээшлүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах, гадаад худалдааны тэнцлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юм.
Эдийн засгийн суурь ухагдахуун болох иргэдийнхээ хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах төрийн бодлого нь мөнгөн хуримтлалыг бий болгож түүнийгээ эргэлтэнд оруулж ашиг олох явдлаар илэрхийлэгдэнэ. Олсон ашиг нь дараагийн бизнесст хөл тавихад нь тусалж улмаар үлдсэн ашиг нь иргэдийнхээ сайн сайхны төлөө зориулагдана. Төрийн үйл ажиллагаа нь гагцхүү иргэддээ үйлчилж, эдийн засгийн баталгаат амьдралыг бий болгоход оршдог. Төр, татвар хоёрын харилцан хамаарал нь энэ бөлгөө.  
Харамсалтай нь Монголд төр нь ч, татвар нь ч алга. Зөвхөн бизнессийн бүлэглэлүүд өөр хоорондоо үгсэн тохиролцсон төр гээч нүсэр аппаратыг бий болгон, түүгээрээ иргэдээс татаас авдаг  ашиг сонирхолын систем болон хувирчээ.
Татвар бол баян, хоосон өндөр, нам, өргөн, нарийн гээд бүгдэд адил тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхалтгүй байх зарчимтай.
Монгол улсын иргэн л бол бүгд хуулиар ногдуулсан татвараа төлж, түүнийгээ хянаж төрөөс татварын мөнгийг үр ашигтай зарцуулахыг шаардах эрхтэй.
    Өнөөдөр татвар хүн бүрт хүрч чадаж байна уу?, татвараас бий болсон хуримтлалыг зөв зүйлд зарцуулж чадаж байна уу? гэх зэрэг олон асуултууд иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
    Өнгөрсөн онд татварын өршөөлийн хууль Монголд хэрэгтэй гэх иргэн Б.Лхагважавын санаачлагыг эрхэм гишүүд маань уухайн тас угтан авч ёслон батлаад татварын системийг шинэчлэх гэсэн саналыг нь өөрсдийнхөө компаниудын татварыг хүчингүй болгох гэсэн санаархал болгон хувиргасан юм.  
    Татварыг энгийн иргэд төлөөд Их хуралд суудалтай эрхэм гишүүдийн арыг халхалдаг компаниудын боссууд төлөхгүй байх нь шударга ёсонд үл нийцэхээр барахгүй татварын мөн чанарыг үгүйсгэсэн явдал юм.
    Монгол улсын эдийн засаг, татвар, мөнгө санхүүгийн бодлого нь эдийн засгийн хөгжлөө боомилсон, корпоратист төрийг дэмжсэн, инфляцийг хөөрөгдсөн, ажилгүйдлийг нэмэгдүүлсэн шинжийг агуулж байна. Дээрхийг 2000 оноос хойшхи УИХ-ын сонгуулиар өгсөн амлалтуудаас харж болно. Тухайлбал: Эрднийн хувь 1.000.000, Эх орны хишиг 1.500.000, гэр бүлийн 500.000, шинэ төрсөн хүүхдэд 100.000, хүүхдийн 10.000, бүр сүүлдээ ямаанд 5000 гэх мэт. /удахгүй нохойнд 3000 гэх зэргээр явах биз /
    Энэ бүгдээс үзвэл Монгол улсын хөгжил рүү тэмүүлсэн зам нь  1970-аад оны Англи, АНУ-ын эдийн засгийн хямрал үе рүү яваад байна уу гэх хардлагыг төрүүлж байна. 
1970-аад оны АНУ, Английн эдийн засгийн хямрал нь татварын буруу бодлоготой холбоотой байсан юм. Учир нь Буянлаг төрийг эрхэмлэсэн Ричард Никсоны алдаатай бодлогын улмаас АНУ-д төрд итгэх иргэдийн итгэл алдарч, төр нь аливаа эдийн засгийг хуулиар журамлан гадаадын хөрөнгө оруулалтыг хавчих  / татварын бодлогоор / бодлого баримталсанаар эдийн засгийн уналтад орох шалтгаан болсон. XIX зууны дэлхийн хамгийн баян улс болох Англи татварын дарамтыг ихэсгэн, нийгмийн халамжийн үйлчилгээг нэмэгдүүлсэнээр / Патерналист буянлаг төрийн бодлого / эдийн засаг нь зогсонги байдалд орсон билээ.
    1980-аад онд Роналд Рейган, Маргарет Тэтчэр нар АНУ, Английг эдийн засгийн хямралаас гаргахын тулд татварын дарамтыг багасган, өмч хувьчлалыг эрчимтэй явуулсан, эдийн засаг дахь төрийн нөлөөллийг багасгаж чадсанаар хямралыг даван туулсан билээ.
    Монгол улс өнөөдөр ашигт малтмалын салбарыг хувьчлах, түүнд оролцох төрийн нөлөөллийг багасгах, өмч хувьчлал, тендерийг шударга зөв, хариуцлагатай явуулах, төрийн нүсэр аппаратыг бууруулах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар нийгмийн халамж үйлчилгээг багасгах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна.
    Шударга бус нийгэмд ямагт хууль ядууст үйлчилдэг.
Ц.Мөнхбат

Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (231) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ялтан

2008-12-24 05:02
Ялтан

    Бие бөх бөгөөс нэгийг ялъя уу
    Сэтгэл бөх бөгөөс олныг ялъя уу
    Сэтгэл, бие бөх бөгөөс бүхнийг ялъя уу
Чингэс хаан.
Монгол улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан бүтээн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулиа батлаад даруй 15 жил болжээ.
1998 оноос эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийн хүрээнд Үндсэн хуулийн / Либертари / үзэл баримтлалын дагуу социалист хуулиудаас ардчилсан хуулиудыг шинээр баталсан боловч өнөө хэр ялтны эрх, эрх чөлөө 1960-аад оны Жим кроугийн хууль мэт / хар арьст боолчуудыг ялгаварлан гадуурхсан хууль / ялтнуудыг ялгаварлан гадуурхсан хууль, эрх зүйн хаос / эмх замбараагүй / байдлыг бий болгосоор байна.
Хууль нь төрийн / олигархи бүлэглэлийн / хүсэл зоригийг баримтлан ялтныг хийсэн хэргийх нь төлөө зөвхөн шийтгэн цээрлүүлэх социалист үндсэн бодлогын хүрээнд явагдсаар байна.
Ж.Локк “Бүх хүн алдаа гаргадаг” хэмээн хэлсэнчлэн тухайн алдсан алдааг нь засаж залруулах нь бүү хэл тэднийг харанхуй гэмт хэргийн ертөнц рүү түлхдэг нь Эрх зүйт төр бус / rule of law буюу хуулийн засаглал гэх нь бий / бүх хүн алдаа үл гаргагч байх ёстой, бүх хүн соён гэгээрэгч байх ёстой хэмээн үздэг социалист төрийн хэлбэр оршсоор байгаа хэмээн ойлгож байна.
Өнөөдөр Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчин нь яллах, залхаан цээрлүүлэх бодлогыг хөхүүлэн дэмжсэн, ял гүйцэтгэх арга техник нь хүнлэг, шударга бус байгаа нь дээрх ажиллагааны эрх зүйн шинэтгэл бус ухралт болсоор байгааг харуулсаар байна.
Ялтны эрх зүйн байдлын талаар судалгаа хийхдээ гэмт хэрэгтэн гэхээсээ илүүтэй хүн гэдэг утгаар нь авч үзэн Антропологи / Хүн судлал / талаас нь Психалогийн / Сэтгэл судлал / шинжлэх ухааныг гол арга барил болгон ашиглах нь Либертари, эрх зүйт төрийн / rule of law / гол үүрэг бөлгөө.
Хүн болгонд сэтгэл зүрх гэж байдгийн адил тэдгээрт зүрх сэтгэл, сайн зан чанар байгааг олж харан тэдний ирээдүйн амьдралд нь гэрэл асаах юм бол гэмт хэрэгтэн бус иргэн болон төлөвшихүйн мөн чанар нь орших бөлгөө.
Хүний нийгэмд цээрлэл хүлээлгэх арга барил нь залхаасан, хүчирхийлсэн бусад байдлаар үр дүнгүй арга хэрэглэх тусам ял шийтгэлийн зорилго, хурд, тэнцэтгэл нь алдагдаж улмаар тухайн ял эдэлж буй этгээд нь нийгэмд дахин гэмт хэрэг үйлдэх хүсэл зоригийг бий болгодог билээ.
Нөгөө талаар хүүхэд, эмэгтэйчүүд гэх мэт нийгмийн цөөнхийн болон тусгай бүлгүүдийн сэтгэл зүйд тохируулан ял эдлүүлэх нь асуудал хэвээр байсаар байна.
Хууль зүйн шинжлэх ухаанд ялтны нийгэмшилтийн талаарх филисофи бүрэлдээгүй, энэхүү судлагдахууны хувьд дэлхий нийтийн гуманизмд / хүнийг дээдэлсэн соёлын үзэгдлүүд, эрх зүй ч хамаарна / Монгол улс хараахан нэгдэж чадаагүй байгаа нь ял хэмээх ойлголтыг буруу ойлгосоноос үүдэлтэй болов уу! 
Ялтны тухай Абсолют / absolutus- хувьрашгүй үзэл / ойлголтыг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг хуульч бид бүхэн дахин нэг анхаарах цаг болжээ. Зөвхөн нэг терминалогийг / нэр томъёо / буруу ойлгосоноос болж тэдний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдсөнийг та бид харсан билээ. Иймээс шинэ шинэ нэр томъёонуудыг бусад үндсэн хуулийн үзэл баримтлал нийцүүлэн эрх зүйн шинэтгэлийг хийх нь зүй билээ.
Нөгөө талаар ялтан хэмээх нь нэр томъёо нь ял, / цээрлэл гэсэн утгатай / тан буюу тухайлсан хүн хэмээх утга нь ажилтан гэдэгтэй адил ялтан гэж ойлгоглох нь элбэг юм.
Тиймээс цээрлэл нь залхаан шийтгэх, зовоон тарчлаах утгыг илэрхийлэхгүйг анхааран өөрөө өөрийнхөө үйлдсэн гэмийг ухаарах ойлгох, өөрчлөгдөх гэх мэтээр эрхэм суртахууны үүднээс нь тодорхойлон ойлгох нь зүй юм. Ялтан гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг хэлэх боловч алдаа гарган алдаагаа засах боломжийг олсон хүнийг хэлнэ. Нийгэмд ялтаны талаар зөв ухамсарыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүнийг өөрчлөх, хүний сэтгэлийг засахад чиглэвэл зохино.
Ялтан хүнд эрх гэж байхгүй хэмээн үзэх нь бүдүүлэг явдал мөн. Тиймээс Монгол улс НҮБ-д элссэний хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 10-р зүйлийг дагаж мөрдөн, хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмийг чанд сахиулан эрүүл мэндийн эрхээс гадна, хувь хүний хөгжлийн эрх буюу хувь хүнийг дээдэлсэн эрхийг / individualism right / хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр Ялтныг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг бусад улс орнуудын нэгэн адил батлах гаргах нэн тэргүүний зорилтууд бидэнд тулгарсаар байна.
Ялтан бол цээрлэл амсаж буй этгээд бус гэмт хэрэг үйлдэх сэтгэл зүйгээ устгах гэсэн жирийн л нэг иргэн гэдгийг санууштай. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасны дагуу зөвхөн бусдын эрх, эрх чөлөөг хохироосныхоо төлөө тодорхой эрхээ хязгаарлуулахаас бусад тохиолдолд хүний эрхийг хязгаарлаж үл болно хэмээх зарчим алдагдсан байгаа билээ.
Иймд Үндсэн хуулийн 19.1-д заасны дагуу “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Хэмээх эрхэм нандин үүргээ биелүүлнэ хэмээн найдаж байна.
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (326) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Онц байдал тогтоосон үе дэх мэдэх эрхийн хязгаарлалт

2008-12-24 04:59
Оршил
“Үнэн хэрэгтээ төрийн зорилго нь эрх чөлөө бөгөөд жам ёсны эрх зүй нь иргэн, төр хоорондын харилцаа дуусгавар болдоггүй. Учир нь жам ёсны болон иргэний үүднээс хүн нь зөвхөн байгалийн хуулинд захирагдаж, өөрийн хэрэгцээ, айдас, хүсэл мөрөөдөлдөө харгалздаг билээ.”
                            Б.Спиноза (1632-1677)
    Хүний эрх, түүнийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хамгаалах нь өнөөдөр улам бүр олон орны иргэдийн үзэл бодолд илэрхийллээ олж, дэлхий нийтийн цаашдын хөгжлийн нийтлэг чиг хандлага болоод байна.
    XVIII зуунд байгалийн хуулийн талаарх анхны санаанууд, хүний эдлэх жам ёсны эрхийг хуульчилсан эрх болгон хүлээн зөвшөөрч, хөгжүүлсэн бөгөөд эдгээр эрхийг анх удаагаа улсын үндсэн хуульд тусгасан юм. Энэ нь төр болон хувь хүний хоорондын хуульчилсан харилцааны илэрхийлэл болж төрийн эрх мэдэл нь чөлөөт хувь хүний зөвшөөрсөнөөр бий болдог гэдгийг нотолсон болно. Хүн ба иргэдийн эрхийн тухай Францын тунхаглал (1789) , Эрхийн тухай Америкийн хууль (1791)-ийг дээрх зарчмыг баримтлан гаргасан билээ. Энэ ч утгаараа Монгол улс 1992 онд Ардчилсан үндсэн хуулиа баталсанаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах  болсон билээ.
Монгол орон Азийн ардчиллын өлгий нутаг хэмээн нэрлэгдэн 18 жил өнгөрч, Үндсэн хуулиараа хүний амин чухал эрхийг баталгаажуулсан бөгөөд хүний эрхийн талаар соёрхон баталсан гэрээ конвенцууд, хуульчлан гаргасан бичиг баримтаараа тэргүүлэх орны нэг болжээ.   Гэвч 2008 оны 07-р сарын 01-нд болсон үйл явдал нь өнгөрсөн 18 жилийн турш хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн хуулийн баталгааг шалгасан томоохон шалгуур болсон юм.
Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойшхи анх удаа Ерөнхийлөгч онц байдал зарлаж төрөөс зарим эрхүүдийг хязгаарласан.
Ардчилсан нийгмийн суурь зарчим нь  хувь хүний эрх, эрх чөлөөг төрөөс хязгаарлахгүй байх эрх зүйн баталгаагаар тодорхойлогддог.
Монгол улсын үндсэн хуулиар хүний эрхийг хязгаарлах хүрээг тогтоохдоо Absolute right facie  буюу үнэмлэхүй эрхүүдийг тодотгосон хэдий ч тодорхой эрхүүдийг тоочиж өгсөн нь тогтоосноос бусад суурь эрхийг хязгаарлах боломжийг олгосон явдал юм.
АНУ-ын үндсэн хууль батлагчдын нэг Жэймс Уилсон “ бидэнд буй / хүний / эрхийн аль нэгийг хязгаарлах гэж оролдох үед тухайн эрхийг тодорхойлон тодруулах асуудалтай тулгардаг билээ.”  хэмээсэн байдаг.
 Жам ёсны эрхүүд нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох үндэсгүй байдаг. Тиймээс миний илтгэл Хүний жам ёсны эрх болох мэдэх эрхийн үндсэн хуулийн баталгаа ба онц байдал тогтоосон үед хязгаарлаж болох эсэх талаар хөндөж, өөрийн санал дүгнэлтийг илэрхийлэх болно.
Сэдвийн томъёолол:
1.    Мэдэх эрхийн тухай ойлголт
2.    Онц байдал тогтоосон үе дэх мэдэх эрхийн хязгаарлалт
3.    Дүгнэлт
Нийтлэсэн : Muusain | Уншисан (537) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

O.Магнай: Би сайн цагийг үзэхийг хүсч байна

2008-12-15 23:13
O.Магнай: Би сайн цагийг үзэхийг хүсч байна

ИХН-ын дэд дарга О.Магнайгийн "Ганцхудаг"-аас бичсэн захидлыг нийтэлж байна.
2008 оны долдугаар сарын 7-ны өдөр УМБГ-т очиж мэдүүлэг өгсний дараа "чамайг Ганц худагт хорино" гэдэг үгийг анх удаа сонслоо. Оросын Матрыская Тишина ч юм уу, ард олны дунд айдас төрүүлдэг Ганц худаг уруу бүс, үдээс гэх мэт зүйлээ хураалгаад хар тентэй машинд чихэгдэн суугаад УМБГ-ын арын хаалгаар гаран хөдөллөө. Угаасаа аль ч нийгмийн үед коммунистуудын хүнийг айлгадаг ганц зүйл болох шоронд орох нь ямар ч байсан энэ үед илүү тодорхой болсон юм аа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хийсэн бүхий л тэмцэл телевиз үздэг хүмүүсийн хувьд үзэгдэл мэт боловч байнгын дарамт шахалт, дагуул туршуул, утасны чагнуур гэх мэт "жирийн хүн"-ий хувьд давахад хэцүү он жилүүд байсан гэж өнөөдөр надад санагдаж байна. Гэхдээ бидний хийсэн тэр бүхий л жагсаал тэмцэл нь бүхэлдээ эрх чөлөө, шударга ёсны төлөө чиглэж байсандаа олон мянган хүний итгэл сэтгэлийг татаж өнөөдрийг хүртэл тэмцэх эрч хүч, итгэл үнэмшлийг олсон гэж би боддог. Угтаа Ганцхудагийн шоронд Магнай, Батзандан нарыг хорих шаардлага огтхон ч байгаагүй юмаа. Бид оргон зугтаахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч хүн бүхний танил хүмүүс холдлоо гээд хаа ч хүрэх боломж байхгүй, тэгээд ч ямар нэгэн хуйвалдаан бус түмэн олны нүдэн дээр болсон үйл явдлыг монголын цагдаа ойлгохын дээдээр ойлгож байгаа нь гарцаагүй юм. Гагцхүү зааныг зодож анааш гэж хүлээлгэдэг КГБ сэтгэлгээнээс салаагүй, салах ч болоогүйдээ ийм үйлдэл хийж байгаа нь ойлгомжтой биз дээ. Хотын төвөөс цаг гаруй явсаар миний урд нь хуулийн сургуульд сурч байхдаа дадлага хийхээр улаан буланд нь орж байсан, сонин дээрээс уншиж байсан Ганцхудагт "мориллоо". Шорон болсон хойно сайхан юм туйлын хомс. Тэгэхдээ хоригдож байгаа хүмүүсийн хувьд сайн хүмүүс олон гэдэгт би эргэлзэхгүй байсан юм. Урьд энд рецедив гэмт хэрэгтнүүдээс эхлээд бизнес, улс төрийн олон зүтгэлтнүүд тухайлбал Э.Бат-Үүл, Л.Гүндалай нар миний адил энэ босгыг алхаж байсан. Урьд нь эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй хүний хувьд Ганцхудаг гэдэг жаахан сүрдмээр байсан ч би буруу зүйл хийгээгүй, тэгээд ч улс төрийн шалтгаанаар хоригдож байгаа болохоор айх айдас үгүй байлаа. Ганцхудагт очсон даруй биед үзлэг хийж, кинон дээрээс харж байсан шиг зургийг минь хэдэн талаас нь авч, IV давхрын нэгэн камерт оруулав. Бүдэг гэрэлтэй ЗхЗ-ын хэмжээтэй, 20Ч10 см-ийн жижиг нүхтэй өрөөнд өөрөөсөө гадна гурван залуутай хоригдлоо. Өнөөдрийн монголын шоронд хоригдож буй хүмүүсийн 70 хувь нь 18-23 насныхан бөгөөд 70 хувь нь хулгай дээрмийн хэргээр торны цаана сууж буй юм байна. Нийгмийн ядуурал...Жирийн хүн мөрөөрөө амьдрах боломжийг бид иргэддээ олгож чадсан билүү. Танил тал, эвэртэн туурайтан ах дүү, амраг садангүй л бол ажилд орж чадахгүй олон олон залуус маань "азаа үзэж" гэмт хэрэг хийхэд хүргэж байгаа юм уу даа гэсэн сэтгэгдлийг төрүүлснээ нуух юун. Бас нэг анзаарагдсан зүйл гэвэл боломжийн амьдралтай, нийгмийн давхаргын хүмүүс энд байдаггүй юм байна. Төрийн хууль ядарч зовсон ард түмний хүүхдүүдийн нуруун дээр л үүрэгддэг гэдгийг энд ирээд би нүдээрээ үзлээ. Урьдчилан хорих төвд хоёр жил хоригдоно гэдэг энгийн сэтгэлгээнд буухгүй, айдас төрүүлмээр зүйл. Шоронгийн бас нэг онцлог бол энд МАХН-ыг дэмждэг хүн байдаггүй юм байна. Ардчилал л ярьсан залуучууд... Нямдоржийн шоронжсон хуулийг хэн зөөллөсөн-Ардчиллынхан, Шорон хэдэн оноос бага ч гэсэн эрх чөлөө үнэртсэн-1998 оноос, Урьдчилан хорих төв хэдийд хамгийн хэцүү байсан-2000-2004 он, Өршөөлийн хоёр удаагийн хуулийг хэн санаачилсан-Ардчиллынхан гэх мэт Монголын улс төрд ардчилсан хүчний хувь нэмэгдэхэд энд хүртэл өөрийн нөлөөг үзүүлж байсан байх юм. Энэ ч утгаараа намайг энд өөриймсгөөр угтсан. Өрөөний толгой "атаман" юм уу даа хэвтдэг наараа надад өгч "ямар ч байсан Магнайгаараа юм цэвэрлүүлэхгүй гэх" нь хэчнээн шоронд ч гэсэн хүний итгэл үнэмшил хадгалагддаг юм байна гэдгийн нотолгоо юм. Эрхтэн, дархтнууд энд ирвэл тэдэнд нэг хоногийг өнгөрөөх ч хэцүү гэдэг нь эндэхийн уур амьсгалаас тодорхой харагдаж байна. Би камертаа Ц.Элбэгдорж гуайн "Үнэний мөр цагаан" хэмээх номыг авч орсон бөгөөд яагаад ч юм урьд нь уншсан байсан боловч дахин уншихад илүүдэхээргүй санагдсан. Мөн л улсын нууц задруулсан хэргээр шүүхэд дуудагдаж, Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаад явж байсан тэр хэсэг нь надад их эрч хүч өгсөн юм. Шинэчлэгч, тэмцэгч хүмүүсийн зам мөр яагаад ч юм цагаан хирнээ бас их бартаатай байдгийн жишээг Н.Мандела, Ю.Тимошенко, Л.Валенса гэх мэт олон хүний намтраас харж болдог. Гэхдээ цаг хугацаа гэдэг агуу зүйл ямагт тэдний талд байсан гэдэгтэй өнөөдөр хүмүүс санал нийлэх байх. Ганцхудагт ирээд 14 хоногт анх удаа үзэг цаас нийлүүлж байна. Энэ хугацаанд долдугаар сард болсон үйл явдлыг олон талаас нь тунгаан бодлоо. Бид 16.30-д цугларсан хүмүүсийг тарааснаас хойш эмх замбараагүй байдал эхэлсэн. Өнөөдөр ч гэсэн энд хэлсэн үгийнхээ төлөө тайлбар хийж байцаалт өгч байна. Угтаа Батзандан, Магнай нарт гэмт үйлдэл байхгүй бөгөөд гагцхүү олон түмний өмнө хэлж ярьж байсан зүйл дээр л тайлбар авах нь XXI зуунд хүн хэлсэн үгийнхээ төлөө шоронд орж болдогийг харуулж байна. Ардчилсан нийгэмд гэмт үйлдэл гэж байхаас гэмт үг, өгүүлбэр гэж байхгүй юм. 1990 оноос хойш хэлсэн үгийнхээ төлөө хоригдсон хүн гарын арван хуруунд багтах цөөхөн хүмүүсийн нэг нь бид боллоо. Хүний хамгийн үнэт зүйл бол яах аргагүй эрх чөлөө, тэр тусмаа эрх чөлөөгөө улс төрийн шалтгаанаар хасуулан дөрвөн хананы дунд сууна гэдэг удаан тэвчих зүйл биш. Илтэд луйвартай болсон сонгуулийг эсэргүүцэн шудрага ёсны төлөө хоригдоход өнгөрч буй өдөр хоног улам бүр эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгдөгийг өөрийн биеэр үзлээ. 27 жил улс төрийн хоригдол байсан Манделлагийн хөшөөг өнгөрсөн жил Лондон хотод Хайд паркад нээсэн үйл явдал, долоон жил ширэнгэнд тамлагдаад Ерөнхийлөгчөөсөө Легионы одон авсан И.Бетанкурт, хоёр жил гэрийн хорионд ороод Нобелийн Энхтайвны шагнал авч байсан, коммунизмыг нурааж байсан Лех Валенса, төвдийн ард түмний эрх чөлөөний төлөө өөрийн амьдралыг зориулж АНУ-ын конгрессийн алтан медаль хүртээд буй XIY Далай лам гэх мэт гайхамшигтай хүмүүсийн түүх сэтгэлийг хурцалж итгэлийг нэмж энэ шоронгийн өдрүүдийг өнгөрүүлж байна. 1990 онд Лех Валенсаг хөнөөснийхөө төлөө 2005 онд генерал Ярузелский болон тухайн үеийн цагдаагийн нөхдүүд болох 70, 80 насны өвөө, эмээ нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан тэр сайн цаг миний эх оронд ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. 2000 онд ардчиллын эцэг Э.Бат-Үүлийг хууль бусаар хорьсон үйл явдал, 2001 онд УИХ-ын гишүүн Л.Гүндалайг хорьсон болон Францад орогнол эрэн амьдарч байгаад Монголын цагдаад хулгайлагдан ирж мөнх бусыг үзсэн Р.Энхбат асан, АНУ-аас Зоригийн хэргээр хулгайлагдан ирж хуурамч дипломны хэргээр ял авч байсан "ард" Батсүх , хүн өмгөөлснийхөө төлөө шоронд ял эдэлсэн хурандаа Л.Санжаасүрэн гэх мэт магадгүй бидний сонсоогүй хэлмэгдсэн тэр бүх хүмүүсийн төлөө энэ бүх шударга бус үйлдлийг зохион байгуулагчдыг хариуцпагын ширээнд суулгах сайн цаг ирээсэй гэж би мөрөөдөж байна. Сайн цагийг би бас үзэхийг хүсч байна.

"Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг минь бөхөөх юм
Цав ертөнц хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу үгүй юу"
Х.Лхагвасүрэн "Гэгээ" дууны хэсгээс.
PS: Ганц худгийн шоронд улстөрийн хэрэгтэн болж хоригдож буй хугацаанд сэтгэлийн дэм өгч буй АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Б.Батбаатар, Х.Баттулга болон Д.Сосорбарам ахдаа, Эрх чөлөө төвийн Ц.Оюунгэрэл, А.Ариунтуяа, Г.Арслан, Ногоон хөдөлгөөний Бум-Ялагч, Саруул, МАЧХ-ны тэргүүн Баасан, Улс төрийн сонины Уянга, Баатархуяг болон нийт хамт олонд, Японд амьдарч буй залууст, сэтгэлийн дэм өгч сонинд захиа болон мессеж явуулсан нийт иргэддээ, Нам болон хөдөлгөөний нөхөддөө, намайг дэмжиж байгаа Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
Мөнх хөх тэнгэр
Монгол эх орныг минь ивээх болтугай.
Нийтлэсэн : Muusain | Уншисан (199) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй